2016 ОНЫ 09 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ
Газрын харилцааны асуудлын хүрээнд:
Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хэрэгжсэн “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийн байршил, хил заагийг тодорхойлж мэдээллийн бааз байгуулах “Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн сангийн өгөгдөл бүрдүүлэх” ажилд манай аймгийн орон нутгийн хамгаалалтад авсан газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, улсын тусгай хамгаалалттай газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай хил зааг нь давхацсан зөрчилтэй газруудын мэдээллийг Газрын даргын 2016 оны 447 дугаар албан бичгээр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт талбайн хэмжээний зөрүү, талбайн давхцалтай, хууль эрх зүйн үндэслэл буруу зэрэг зөрчилтэй хамгаалалтад авсан газруудыг уг мэдээллийн санд оруулах боломжгүй байгаа тул зөрчил бүхий тогтоолуудыг шинэчлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулж дахин нарийвчилсан хэмжилт хийж, тулган хянан үзэж, холбогдох зөрчлийг арилгуулахаар хүргүүлээд байна.
Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр хуралдааны 05 дугаар тогтоолоор батлагдсан "Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт" бодлогын баримт бичгийн Зорилт 23.5 "Чойбалсан хотын дулааны цахилгаан станцад өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж, шинээр баригдах 1000 айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн орчин, нийтийн орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангана"-д тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн газарт дулаан болон бохирын шугам тавигдах болсонтой холбогдуулан уг шугамын трасст өмчлөлийн газар нь давхацсан иргэдийн судалгааг гарган хүргүүлсэн.
Хэрлэн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад ирүүлсэн гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх 29, 14 нийт 43 иргэдийн хүсэлтийг хянан аймгийн Засаг даргад хүргүүлснээр эхний ээлжинд хүргүүлсэн 29 иргэнд холбогдох А/383 дугаар захирамж гараад байна.
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас аймгийн Засаг даргад хүргүүлсэн дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоолгох тухай хүсэлтийг судалж үзээд уг ажлыг мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлийн зурагт үндэслэн талбайн хэмжээг зөв, бодитой тогтоох шаардлагатай тул “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажил манай аймагт хийгдсэний дараа инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоох шаардлагатай гэсэн хариуг 2016 оны 446 тоот бичгээр, мөн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг хийлгэх нь нэн шаардлагатай байгаа тул уг ажлын төсвийг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан орон нутагтаа шийдвэрлэж хийлгэх тухай саналыг аймгийн Засаг даргад 2016 оны 462 дугаар албан бичгээр тус тус хүргүүлээд байна.
Мөн Хэрлэн сумын 3 дугаар багийн Түргэн гудамжны 2-2 тоотод оршин суугч иргэн Т.Түмэннастын ирүүлсэн өргөдлийн дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй өмчилж авсан газраа сунгасан, айлын орц, гарцыг нь хаасан эсэхийг мэргэжилтэн О.Алтантуяа, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал Б.Болормаа, газрын кадастрын тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага болох "Очир-Эрдэнийн тал" ХХК-ийн инженер нартай хамтран иргэний орц, гарц хаасан иргэдтэй уулзаж хууль, тогтоомжийн талаар зөвлөмж өгч ажиллалаа.
Мөн мэргэжлийн байгууллагын хэмжилтэд үндэслэн зөвшөөрөлгүй сунгасан хашааг 10 дугаар сарын 01-ний өдөр татуулахаар болоод байна.
Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын /хуучнаар/ даргын 2009 оны 224 дугаар тушаалаар батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын дагуу хянан баталгааны эрх бүхий мэргэжлийн байгууллага “Ланрес” ХХК, “Газар сервес” ХХК-ууд Дорнод аймгийн тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн.
Газрын нэгдмэл сангийн тооллогоор Баянтүмэн, Халхгол, Чойбалсан, Чулуунхороот зэрэг сумдын хөдөө аж ахуйн газрын тариалангийн ангилалд тоологдсон га талбайнууд 2015 оны газрын нэгдмэл сангийн ангиллын тоо бүртгэлийн тайлан /ГТ-1/, мөн эрх бүхий Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн га талбайнуудын мэдээллүүд зөрүүтэй гарсныг судлан дээрх сумдын Засаг дарга нарт газрын нэгдмэл сангийн тооллогод тусгагдаагүй /атар/ газрыг эзэмшүүлэх болсон шалтгаан, тус газарт урьд өмнө тариалан эрхэлж байсан тухай холбогдох баримтуудыг тайлбарын хамт хүргүүлэх талаар хариутай албан тоот хүргүүлэн ажиллалаа.
Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлт хийх, “Хаягийн мэдээллийн систем байгуулах” гэрээт ажлуудын үр дүнг газар дээр нь очиж тулгах, хяналтын хэмжилт хийж шалгах, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг орон нутагт хүлээлгэж өгөх зорилгоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/208 дугаар орон нутагт томилолтоор ажиллах тухай тушаал гарсан байна.
Тус тушаалын дагуу ГХГЗЗГазар болон ГХБХБГазрын мэргэжилтнүүд хамтран гэрээт ажлыг шалгаж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тус аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан, Хэрлэн, Матад зэрэг сумдад ажиллахаар төлөвлөөд байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон Түгээмэл тархацтай ашигт малтмалын мэдээллийг *xlxs болон *shp файлаар мэдээллийн сан үүсгэн ажилласан.
Сумдад шинээр орсон газрын даамлуудад бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлэх сургалт дадлагын ажлыг явуулсан.
Барилга, хот байгуулалтын ажлын чиглэлээр:
Монгол улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага байгуулагдсаны 90 жил, Дорнод аймгийн барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жил, Монголын барилгачдын холбооны 25 жилийн түүхт их ойн баярын арга хэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус ойн хүрээнд Дорнод аймгийн ГХБХБГ-ын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн нээлтийг хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм.
Мөн Дорнод аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Хөгжимт драмын театрт болсон юм.
2016 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “СҮХЖИН“ ХХК-ийн гүйцэтгэж байгаа 47 285 381 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Дорнод аймгийн Чойбалсан сумын Цэцэрлэгийн халаалтын тогооны засварын ажлыг хүлээн авах комиссыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажиллуулав. Тус комиссоор дээврийн дутуу байгаа ажлыг гүйцээх, мөн зурагт заасны дагуу халаалтын тогооны тоноглолыг гүйцээж, буцах шугам дээр манометр, термометр суурилуулах шаардлага тавьсан. Тус ажлыг гүйцэтгэсний дараа улсын комиссоор хүлээж авахаар шийдвэрлэв.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Хөх тугт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 41 400 000 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын “Цэцэрлэгийн бүс”, “Сургуулийн бүс” төслийн 2 дугаар багцын ажлыг хүлээн авах комиссыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажиллуулж тус комиссоор гүйлтийн замыг зураг төсвийн дагуу хийх, гэрэлтүүлгийн агаараар татсан кабел, шугамыг газарт шилжүүлж хийх, баримт бичгийн бүрдлийг гүйцээх өөрчлөгдсөн хийцэд захиалагч, зохиогчийн зөвшөөрөл дүгнэлтийг авч хавсаргах зэрэг шаардлага тавьж ажиллав.
Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөлийн /Дорнод, Хэрлэн/ ажлын гүйцэтгэгчээр “Эй Жи Зэт” ХХК шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба нийт ажлын төсөвт өртөг нь 5 723 873 725 /таван тэрбум долоон зуун хорин гурван сая найман зуун далан гурван мянга долоон зуун хорин таван төгрөг/
Yүнээс:
2016 онд нийт төсөвт өртгийн 4 200 000 000 /дөрвөн тэрбум хоёр зуун сая төгрөг/-ийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч төсвийн тодотголоор 1 000 000 000 /нэг тэрбум төгрөг/ болон буурсан учраас энэ онд 2 300 000 000 /хоёр тэрбум гурван зуун сая төгрөг/-ийн ажил гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар ТК10 аас ТК11 хүртэлх Ф359 мм 392 хос метрийн шугам хоолойг Ф426 мм болгон өргөтгөх засварын ажлыг гүйцэтгэж байгаа ба графикийн дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр өргөтгөлийн ажил дуусахаар байгаа өргөтгөлийн ажлын явц 70 хувьтай байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Авто агро“ ХХК-ийн гүйцэтгэж байгаа 100 000 000 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Илч хорооллын гудамжны тохижилт”-ын ажлыг хүлээн авах комиссыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажиллуулж байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв.
Орон нутгийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “МОЗЭ“ ХХК-ийн гүйцэтгэж байгаа 29.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Дорнод аймгийн Дашбалбар сумын үүрэн холбооны антен суурилуулах цамхгийн угсралтын ажлыг хүлээн авах комиссыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажиллуулж үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж авлаа.