ДОТООД ЖУРАМ

Газрын даргын 2022 оны 03 дугаар

сарын 31-ний өдрийн А/05 дугаар

тушаалын хавсралт

 

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА,

 ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН

 ДОТООД ЖУРАМ

            Зорилго: Энэхүү дотоод журам нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /цаашид “газар” гэх/-ын үйл ажиллагааг хөнгөн шуурхай, ажил хэрэгч явуулах, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон ажилтнуудын хоорондын хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахад оршино.

 

Нэг. Газрын даргын үндсэн эрх, үүрэг

1.1.Газрын дарга нь дараах үндсэн эрхтэй. Үүнд:

1.1.1.Албан хаагчтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ, бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох;

1.1.2.Албан хаагчдаас хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөхийг шаардах;

1.1.3.Албан хаагчдыг шагнаж урамшуулах;

1.1.4.Хууль тогтоомжид нийцүүлэн албан хаагчдад сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах;

1.1.5.Хууль тогтоомжийн хүрээнд албан хаагчдаас шаардлагатай мэдээлэл авах;

1.1.6.Хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

1.2.Газрын дарга нь дараах үндсэн үүрэгтэй. Үүнд:

1.2.1.Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд албан хаагчдад олгох;

1.2.2.Хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, албан хаагчдад албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх;

1.2.3.Албан хаагчидтай гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах;

1.2.4.Албан хаагчдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах;

1.2.5.Албан хаагчдын хувийн нууцыг задруулахгүй байх;

1.2.6.Албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх;

1.2.7.Албан хаагчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;

1.2.8.Зайлшгүй шаардлагаар ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажиллуулах бол энэ тухай ажилтанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.15-д заасан ахуйн байранд хяналтын тоног төхөөрөмж байрлуулахгүй байх;

1.2.9.Албан хаагчдыг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах;

1.2.10.Хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах;

1.2.11.Албан хаагчдыг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажиллуулахгүй байх;

1.2.12.Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

Хоёр. Албан хаагчдын үндсэн эрх, хүлээх үүрэг

2.1.Албан хаагчид дараах үндсэн эрхтэй. Үүнд:

2.1.1.Газрын даргатай сайн дурын үндсэн дээр гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах;

2.1.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах;

2.1.3.Гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;

2.1.4.Ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах;

2.1.5.Хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах;

2.1.6.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах;

2.1.7.Хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

2.2.Албан хаагчид дараах үндсэн үүрэгтэй. Үүнд:

2.2.1.Ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх;

2.2.2.Хууль тогтоомж, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах;

2.2.3.Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх;

2.2.4.Байгууллагаас тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх;

2.2.5.Техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах;

2.2.6.Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, байгууллагын эд хөрөнгөд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээлэх;

2.2.7.Байгууллагын даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх;

2.2.8.Ажил үүргээ гүйцэтгэх явцад албаны болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх;

2.2.9.Удирдлагын шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг удирдлагад үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах;

2.2.10.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах;

2.2.11.Мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх;

2.2.12.Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

Гурав. Ажилд авах, чөлөөлөх

3.1.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д заасан Төрийн жинхэнэ албаны шалгалтад тэнцсэн албан хаагчдыг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч ажиллуулах ба хариуцсан ажил үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд үйл ажиллагааг нь дүгнэж, тангараг өргүүлэн жинхэлнэ.

3.2. Ажилд авахдаа тухайн хүний мэргэжил боловсрол, ёс суртахуун, ажлын дадлага туршлагыг харгалзан, шалгаруулж, газрын даргын тушаалаар томилно.

3.3. Шинээр томилогдсон албан хаагчдыг дадлагажуулах “Жишиг хөтөлбөр”-т хамруулна. Хөтөлбөрийг байгууллагын онцлогт тохируулан Газрын даргын тушаалаар батална.

3.4. Төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн байгууллага болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингээр шалгаруулж нөхөн томилох замаар мэргэшсэн албыг бэхжүүлэн  ажиллана.

 

3.5.Ажлаас чөлөөлөхдөө дараах нөхцлийг үндэслэл болгоно. Үүнд:

3.7.1.Ажилтан өөрөө хүсэлт гаргасан

3.7.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан

3.7.3.Гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон

3.7.4.Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн

3.7.5.Төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис галт болон хүйтэн зэвсэг тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хатуу хориглох бөгөөд зөрчсөн эсэх нь нотлогдсон тохиолдолд ажлаас халах

3.7.6.Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн

 

Дөрөв. Ажил, амралтын цаг

4.1.Албан хаагчид нь Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу ажил, амралтын цагийг баримтална. Ажил өглөө 08.00 цагт эхэлж, 12.00-13.00 цагийн хооронд завсарлаж, орой 17.00 цагт дуусна.

 

4.2.Амралтын цаг дараах төрөлтэй байна:

4.2.1.амрах, хооллох завсарлага;

4.2.2.дараалсан ажлын хоёр өдөр хоорондын тасралтгүй амралт;

4.2.3.долоо хоног бүрийн амралт;

4.2.4.нийтээр амрах баярын өдөр;

4.2.5.ээлжийн амралт.

 

4.3.Ажлын цагаар гадуур ажилтай явахдаа Архив, бичиг хэргийн ажилтанд мэдэгдэж бүртгэлийн дэвтэрт бичнэ.

4.4.Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг харгалзан газрын даргын тушаалаар баталгаажуулан олгоно. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно.

4.5.Тухайн жилийн ээлжийн амралтаа албан ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдэлж чадаагүй албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

4.6.Амрах, хооллох завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно. Ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагийг богиносгох хэлбэрээр олгож болно.

 

Тав. Чөлөө олгох

5.1.Чөлөө олгохдоо цахилгаан мэдээ, эмнэлгийн тодорхойлолт, мэргэжил дээшлүүлэх, давтан сурах зэрэг зайлшгүй шаардлага, өргөдлийг үндэслэн уг ажилтанд 3 сар хүртэл цалинтай чөлөө олгоно.

5.2.Албан хаагчдын төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно. Хэрэв амралтын өдөр таарч байгаа тохиолдолд өмнөх эсвэл дараагийн ажлын өдөрт шилжүүлж чөлөөг олгож болно.

5.3.Албан хаагчид хурим хийхэд ажлын 10 хоног цалинтай чөлөө олгоно.  

5.4.Эцэгт шинээр төрсөн /үрчлэн авсан/ хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10 өдрийн цалинтай чөлөөг олгоно.

5.5.Албан хаагч өөрөө орон сууц барих үедээ хүсэлт гаргавал 7-14 хоногийн цалинтай чөлөө олгож болно.

5.6.Нэг сар ба түүнээс дээш хугацаагаар ажлаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил үүргийн онцлогийг харгалзан зарим албан тушаалтнаар түр орлон гүйцэтгүүлж, зохих журмын дагуу цалинжуулна.

 

Зургаа. Ажлаа төлөвлөх, дүгнэх

6.1.Газрын ажилтнууд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хүлээн авах, гадуур явах, дотоод ажлаа хийж гүйцэтгэх хуваарь бүхий 5 хоногийн төлөвлөгөөтэй байна.

6.2.Албан хаагчид хагас, бүтэн жилээр ажлаа төлөвлөн, биелэлтийг хэлтэс, газрын даргаар дүгнүүлж, цалинг өөрчлөх, байгууллагын болон дээд шатны шагналд тодорхойлох асуудлыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

6.3.Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг шагнаж урамшуулах болон хариуцлага тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4.Газрын дарга албан хаагчдын хагас, бүтэн жилийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг жил бүрийн 6, 12 дугаар сарын 15-ны дотор үнэлж дүгнэн, зэрэг дэв олгуулах болон цалин хөлсөд өөрчлөлт оруулах саналыг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор газрын даргын зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

6.5.Газрын дарга жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор албан хаагчидтай  гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулна. Сумдын даамлууд газрын дарга болон сумын Засаг даргын Тамгын газрын даргаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулна.

6.6.Тайлан бичихдээ Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалыг үндэслэнэ.

6.7.Жил бүрийн 6, 12 дугаар сарын 10-ны дотор мэргэжилтэн бүр хариуцсан хэлтсийн даргад тайлангаа нэгтгүүлэх ба хэлтсийн дарга тус бүр хариуцсан хэлтсийнхээ тайланг нэгтгэн заасан хугацаанд газрын даргаар хянуулна.

 

Долоо. Албан томилолт

7.1.Албан хаагчид гадаад, дотоод болон хөдөө орон нутагт ажиллахдаа албан томилолт авна.

7.2.Томилолтоор явах албан хаагчид ажлын удирдамжаа боловсруулж, Газрын даргад танилцуулж батлуулсны дараа томилолт авч гарын үсэг зуруулан тамга даруулна.

7.3.Албан томилолтын үр дүнг газрын дарга удирдамжийн дагуу дүгнэснийг үндэслэн зардлыг олгоно.

7.4.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.

 

Найм. Цалин хөлс, шагнал урамшил

8.1.Албан хаагчдын цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4 дэх заалтад заасан бүрдлээс бүрдэнэ.

8.2.Албан хаагчдыг ажлын зайлшгүй шаардлагаар долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр илүү цагаар ажиллуулсан бол албан хаагчийг ажлын өдөр нөхөн амруулах эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

8.3.Идэвх зүтгэл гаргаж эрхэлсэн ажилдаа санаачлагатай ажиллан амжилт гаргасан ажилтнуудыг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд:

8.3.1.Хамт олны өмнө сайшаах

            8.3.2.Дээд шатны байгууллагын шагналд тодорхойлох

 

8.4.Шагналд тодорхойлогдож буй ажиллагсад хариуцсан ажил үүргээ болон нэмэгдэл үүргээ сайн биелүүлсэн, хувийн өндөр идэвх санаачлагатай, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг үлгэр жишээ хангасан, үүрэгт ажлаа “А буюу маш сайн” биелүүлсэн, хамт олны манлайлан, талархлыг хүлээсэн байх шаардлагатай.

8.5.Тухайн жилд шинэ санал, санаачлага, тэргүүн туршлага нэвтрүүлсэн албан хаагчдыг байгууллагын “Шилдэг албан хаагч”-аар шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

 

Ес. Ажилтнуудын ажиллах нөхцөл баталгаа, тэдэнд үзүүлэх тусламж

9.1.Албан хаагчдыг албан ажлын шаардлагаар мэргэжил дээшлүүлэх, давтан сургахад гарах томилолт /шаардлагатай тохиолдолд/-ын болон сургалтын зардлыг хууль тогтоомжийн дагуу байгууллага хариуцна.

9.2.Хууль тогтоомжид заагдсан төрийн алба хаасан хугацааны болон ур чадвар, зэргийн нэмэгдлийг зохих журмын дагуу олгоно.

9.3.Байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчид шинээр гэр бүл болоход 250,000 төгрөг, үр хүүхэдтэй болсныг тохиолдуулан 150,000 төгрөгийн тусламж олгоно.

9.4.Албан хаагч тэтгэвэрт гарахад 300,000 хүртэл төгрөгийн дурсгалын зүйл, тэтгэмж олгоно.

9.5.Албан хаагч хууль тогтоомжийн дагуу албан тушаал дэвших болон шилжин ажиллах тохиолдолд хүндэтгэл үзүүлж, дусгалын зүйл гардуулна.

9.6.Байгууллагад бүртгэлтэй өндөр настнуудад Цагаан сар, ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлнэ. 

 

9.7.Албан хаагчдын төрөл садан нас барвал дараах тэтгэмжийг олгоно. Үүнд:

            9.7.1.Өөрийн эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд, хадам аав, ээж бол 300,000 төгрөгийн буцалтгүй тусламж

            9.7.2.Төрсөн ах эгч, дүү, эмээ, өвөө бол 150,000 төгрөгийн буцалтгүй тусламж

            9.7.3.Албан хаагч өөрөө нас барвал гэр бүлд нь 500,000 төгрөгийн буцалтгүй тусламж

            9.7.4 Байгууллагад бүртгэлтэй өндөр настан нас барсан тохиолдолд түүний ар гэрт 500,000  төгрөгийн тусламж олгоно.

 

9.8.Өөрөө болон эцэг эх, эхнэр /нөхөр/, үр хүүхэд, төрсөн ах, эгч, дүү нь өвчний учир эмчилгээнд Улаанбаатар хот явах тохиолдолд нэг талын зардлыг байгууллага хариуцна.

9.9.Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардал Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх очих замын зардлыг автомашин, төмөр замын тээврийн тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгож болно.

9.10.Байгуулагын албан хаагчдын ар гэрт гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас их хэмжээний хохирол учирвал нэг удаа 100,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож болно. 

9.11.Албан хаагчдад ажлын нэг өдөрт 5000 төгрөгөөр тооцож хоолны мөнгийг сар бүр олгоно.

/Энэ заалтад Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 02–ны өдрийн А/30 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

9.12.Гэр хороололд амьдардаг албан хаагчид жилд нэг удаа түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөлөлтийн хэлбэр, хэмжээг тухайн үеийн нөхцөл байдлаас хамааруулан тогтооно.

9.13.Албан хаагчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, эмнэлгийн оношилгоонд хамруулна.

 

9.14.Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, албан хаагчдын эрүүл мэнд, гэр бүл, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Газрын даргын тушаалаар байгуулан үйл ажиллагааг дэмжин ажиллана. Үүнд:

9.14.1.Даргын дэргэдэх зөвлөл

9.14.2.Ёс зүйн зөвлөл

9.14.3.Эцэг эхийн зөвлөл

9.14.4.Залуучуудын хөгжлийн зөвлөл

9.14.5.Соёл, спорт, эрүүл мэндийн зөвлөл

 

Арав. Хуримтлал үүсгэх, захиран зарцуулах

10.1.Байгууллагын албан хаагчид цалингаас сар бүр 20.000 /хорин мянган/ төгрөг суутгуулж хуримтлал үүсгэнэ.

 

10.2.Хуримтлалыг дараах тохиолдолд зарцуулна. Үүнд:

10.2.1.Шинэ жилийн арга хэмжээ

10.2.2.Хүүхдийн баяраар албан хаагчдад гарын бэлэг гардуулах

10.2.3.Байгууллага, хамт олноороо туршлага судлах, аялал зугаалга, амралтанд явах

10.2.4.Албан хаагчдын саналыг үндэслэн олонхийн саналаар тухай бүр хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

10.3.Тухайн жилийн хуримтлалын зарцуулалтын тайланг жил бүрийн 01 дүгээр сард багтаан хамт олны хурлаар танилцуулна.  

           

Арван нэг. Зөрчил, хариуцлага

11.1.Албан хаагчдад дараах тохиолдолд хариуцлага ногдуулна. Үүнд:

11.1.1.Холбогдох хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн,

11.1.2.Ажлын цагаар, ажлын байранд болон албан томилолтоор ажиллах явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, бусдад дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлсэн,

11.1.3.Байгууллагын даргын удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандах, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлээгүй.

11.1.4.Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн албаны болон хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулсан.

11.1.5.Хуульд заасан бусад үндэслэл

 

11.2.Зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна. Үүнд:

11.2.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;

11.2.2.нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;

11.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

11.2.4.албан тушаал бууруулах; .

11.2.5.төрийн албанаас халах болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах

11.2.6.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;

11.2.7.хуульд заасан бусад.

 

11.3.Сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтан, албан хаагчид мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан холбогдох хууль тогтоомж болон байгууллагын дотоод журмын 11.2-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, даргын тушаалаар шийдвэрлэнэ.

11.4.Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд гаргаж болно.

 

---о0о---

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР