3-н сарын аян



Улсын хэмжээнд барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг бусад аж ахуйн нэгж байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх ажил болон “Барилгын салбарын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяны хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Барилгачдын холбоотой хамтран 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр танхимын болон дадлага ажлын сургалтыг зохион байгуулаад байна. Сургалтад аймгийн ГХБХБГ-н Хяналт, шалгалтын хэлтэс, тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтэсийн бүрэлдэхүүн, ХХҮГ-н Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Барилгачдын холбооны Тэргүүн, барилгын салбарын 9 аж ахуйн нэгжийн 13 захирал, инженер техникийн ажилчид хамрагдлаа.
Тус сургалтаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар нь аймгийн барилгын салбарт тулгамдаж буй асуудал, барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдэгдэхүүн салбарын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилчдыг хэрхэн чадавхжуулах талаар, тус аян, БХБСайдын албан даалгаврын хүрээнд хийгдсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулан заавар зөвлөгөө өглөө. Хяналт, шалгалтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч М.Ганхүү нь “Барилгын салбарын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяны тухай болон Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/03 дугаар “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын үеээр илэрсэн алдаа дутагдлыг танилцуулан цаашид авах арга хэмжээ, зөвлөмж, заавар зөвлөгөөг өгч ажиллалаа.
Мөн барилгын тухай хуулийн шинэчлэсэн найруулга, барилгын материалын лабораторийн үйл ажиллагаа, танилцуулга, шинжилгээнд дээж өгөх заавар, хот байгуулалтын кадастрын цахим системийн ашиглалт, түүний заавар, инженерийн шугам сүлжээний угсралт, ашиглалтад илэрч буй нийтлэг зөрчил, дутагдлууд /зөвлөмж/, иргэн, аж ахуйн нэгж өргөх байгууламжийг ашиглахдаа хянаж үзэх шаардлагатай баримт, барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг, зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлага зэргийг гарын авлага хэлбэрээр бэлтгэн Барилга, хот байгуулалтын сайдын 2023/03 дугаар албан даалгаврын хамт аж ахуй нэгжүүдэд өгсөн.
Танхимын сургалтын дараагаар Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бүрэн сүх” ХХК-ийн хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж буй 16 давхар 62 айлын хүчин чадалтай үйлчилгээтэй орон сууцны барилгын барилга угсралтын талбайтай танилцуулан “Бүрэн сүх” ХХК-ийн талбайн инженер Ч.Урангоогоор зочидод талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлын зааврийг өгүүлж, хэрхэн гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, барилга угсралтын талбайд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, норм дүрмийн талаар заавар, зөвлөгөө өгч, талбайд хэрэгжсэн байдлыг жишиг болгон танилцуулан сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.