"ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМ"-ИЙН 2023 ОНЫ ХЭРЭГЖИЛТ

2023-01-12

 

             Мэдээлэл технологи хөгжингүй болсонтой холбогдон хот байгуулалтын салбарын хөгжлийг хурдасгах, хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд шаардлагатай мэдээллээр хангах түүн дотроо байрлалд суурилсан орон зайн болон орон зайн бус өгөгдлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, орон нутгийн барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээ, хот тохижилтын мэдээллийг цахим хэлбэрт оруулан иргэд олон нийтийг хот байгуулалтын төлөвлөлтийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангах, иргэдэд төрөөс үйлчлэх үйлчилгээг хялбарчлах зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ.

             Үүний дагуу Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 38 дугаар тоот тушаалаар “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам” батлагдан, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2019 оноос программ хангамжийн хөгжүүлэлт, шинэчлэлийг хийн ажиллаж байгаа билээ.

             Тус журмын зорилго нь хот байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглуулахтай холбогдсон аймаг, нийслэлийн хот байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагуудад өдөр тутмын үйл ажиллагаандаа нэгдсэн мэдээллийг нэг эх үүсвэрээс ашиглах, үндсэн хэрэглэгч, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үйл ажиллагааг зохицуулна.  

Хот байгуулалтын кадастрын цахим системд нэвтрэх хэсгийн харагдах байдал

             Уг журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хангагч байгууллагууд болох “Дорнод НАА” ОНӨААТҮГ, “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ, “ДБЭХС” ТӨХК-ийн Цахилгаан шугам сүлжээний цех, Дулааны шугам сүлжээний цех, “МХС” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын төлөөлөлд Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 38 дугаар тушаалаар “Хот байгуулалтын мэдээллийн сан”-гийн журам батлагдсаны дагуу Хот байгуулалтын мэдээллийн санг бий болгох сургалтыг зохион байгуулан, Дорнод аймгийн Хэрлэн сум буюу Чойбалсан хотын хэмжээнд байгаа ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамж, цахилгааны шугам зэрэг инженерийн шугам сүлжээний мэдээллийг бүрдүүлэн мэдээллийн санд бүртгээд байна.

             Мөн аймгийн хэмжээнд хот тохижилт ногоон байгууламж бүхий 697 байршлын 577,808 м2 талбайтай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам талбай, хөшөө дурсгал, баримал, гудамж талбайн гэрэлтүүлэг, авто зогсоол, дугуйн зам, усан оргилуур, зэрэг орчны тохижилтын мэдээллүүдийг ортофото буюу сансрын өндөр нарийвчлалтай зураг, байрзүйн зургийг үндэслэн мэдээллийн санд бүртгэн, аймгийн хэмжээнд зам тээврийн мэдээлэл бүхий гүүр, гүүрэн гарц, автобусны зогсоол, зорчигч тээврийн төв, нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зөрлөг, хатуу хучилттай замын мэдээллийг тус тус бүрдүүлэн нийт 9 гүүр, 44 нийтийн тээврийн автобусны зогсоол, аймгийн төвийн болон нийт 5 сумын хатуу хучилттай замын мэдээлэл бүрэн бүртгэгдсэн.

Хот байгуулалтын кадастрын цахим системд зам тээврийн мэдээлэл харагдах байдал

             Барилга, байгууламжийн мэдээллийн сангийн хувьд аймгийн хэмжээнд нийт 840 барилгын мэдээллийг мэдээллийн санд бүртгэсэн ба үүнээс 13 сумын 459, аймгийн төв Хэрлэн сумын 381 барилга, байгууламжийн мэдээллийг бүртгэн баяжуулалтын хийн ажиллаж байна.

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн барилга, байгууламжийн мэдээлэл харагдах байдал

             Мөн энэ онд цахилгаан хангамжийн мэдээлэл бүхий аймгийн хэмжээнд нийт 103 дэд станцын мэдээллийг “ДБЭХС” ТӨХК-тай хамтран бүртгэж, агаарын шугам, кабель шугамын мэдээллийг суурь зурган мэдээлэл засагдсаны дараа мэдээллийг оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

              Тус хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн хуудсанд барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цахимаар олгох хэлбэрт шилжин иргэн, аж ахуй нэгжийн барилгын ажил эхлүүлэх нийт 115 хүсэлтийг цахимаар хүлээн авч үүнээс 44 иргэн, аж ахуйн нэгжид архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан авч, 35 иргэн, аж ахуй нэгжийн барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг батлаж, цахимаар олгон ажиллаж байна.

             2022 онд нийт 73 хүсэлт ирснээс нийт 27 архитектур төлөвлөлтийн даалгавар, 16 барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоод байна.

Хот байгуулалтын кадастрын системд ирсэн хүсэлтийн харагдах байдал

             Барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг цахим хэлбэрт оруулснаар иргэд болон аж ахуйн нэгжүүд ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгох процессын үе шатуудад цахимаар өөрсдөө хянах боломжтой болсон.

             Тус мэдээллийн сан нь мөн барилга байгууламжийн эх загвар зургийн мэдээлэл, тэг тэнхлэг хэрхэн тавигдсан, техникийн нөхцөл, магадлалын болон ОБГ, МХГ-н байцаагчийн дүгнэлт, гүйцэтгэлийн зураг, улсын комиссын актын дугаарын мэдээллийг агуулах юм.

             Цахим хуудсаар дамжуулан барилга, байгууламж барих зөвшөөрөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргахаас эхлээд барилга, байгууламж ашиглалтад өгөх хүртэлх бүхий л үйл ажиллагааны явцыг цаг алдалгүй хүлээн авах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж байгаа нь салбарын үйл ажиллагаанд томоохон эргэлт хийх системийг ажиллагаанд оруулсан явдал юм.

Хэрвээ та тус цахим системрүү нэвтэрч танилцахыг хүсвэл urban.gov.mn гэх хаягаар нэвтэрч орно уу.

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР