ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ 21 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

2024-03-11
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ыг шинэчлэн Монгол улсын Засгийн газрын өнөөдөр /2024.03.06/-ийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Уг журмаар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам батлагдсанаар дараах үр дүн гарах ач холбогдолтой юм.
Үүнд:
✅ Төрөөс газрын төлөв байдал, чанарт тавих хяналт сайжирч, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нэгдсэн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
✅ Газрын хянан баталгааны нэгдсэн тайланг жил бүр агентлаг хариуцан гаргаж, үр дүнгээр доройтож бохирдсон газарт хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлөвлөж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр дамжуулан хэрэгжүүлж, хяналт тавих боломжтой болно.
✅ Өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газруудын газар ашиглалтын зөрчил, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэх, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа эсэх, бохирдол, доройтолд оруулж байгаа эсэхийг хяналт тавьж, газрыг зүй зохистой ашиглах, газар хамгаалах, нөхөн сэргээх нөхцөл бүрдэнэ.
✅ Газрын хянан баталгааны ажил мониторингийн цахим системээр хийгдэж, үр дүнг иргэд олон нийтэд нээлттэйгээр мэдээлснээр аль байршилд физик, хими, биологийн бохирдолд өртсөн, доройтснийг мэдэж, бохирдуулж доройтуулсан этгээдэд шаардлага тавих боломж бүрдэнэ.
✅ Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хянан баталгааны ажлыг гүйцэтгүүлэх зардал багасч, хянан баталгааны ажлыг ажлын 7 хоногт баталгаажуулахаар болсон.
✅ Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны шалгуур үзүүлэлтүүдийг шинэчилж, газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр /бэлчээр, хадлангийн газар, тариалангийн газар, атаршсан газар, суурьшлийн газар, уурхайн эдэлбэр болон үйлдвэрийн зориулалттай газар, аялал жуулчлал, рашаан сувилал, амралт зугаалгын газар, улсын тусгай хамгаалалттай газар, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газар, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, бусад газарт/ нарийвчилан тодорхойлохоор боловсруулсан. Энэ нь газрын төлөв байдал, чанарт нөлөөлж байгаа үзүүлэлтийг тодорхойлж, газар хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээг нарийвчлан төлөвлөх боломж бүрдэнэ.
✅ Хянан баталгааны ажлын төрөл болон санхүүжүүлэх эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, байгалийн нөөц ашигласны төлбөр, олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бусад орлого гэх байдлаар журамд тусгасан нь тус ажил хэрэгжих боломжийг бүрдүүлж, улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг хянах, хамгаалах нөхөн сэргээх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
✅ Хянан баталгааны ажлын үзүүлэлт болох хөрс, усны лабораторийн шинжилгээний дүнг лабораториуд өөрсдөө хариуцаж мониторингийн цахим системд оруулахаар журамласан тул мэргэжлийн байгууллага хуурамч шинжилгээний дүн, оруулах, ашиглах нөхцлийг арилгах болно.
 
 
Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР