МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР
ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж
2.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд Монгол Улсад газар өмчлөхтэй холбогдсон харилцааны талаар энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Монгол Улсын Үндсэн хуулийг үндэслэн энэхүү хуулийн заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ургамал бүхий орон зайн давхаргыг;
3.1.2. “иргэнд газар өмчлүүлэх” гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг.
4 дүгээр зүйл. Иргэнд өмчлүүлэх газрын зориулалт
4.1. Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ:
4.1.1. гэр бүлийн хэрэгцээний;
4.1.2. аж ахуйн зориулалтаар.
5 дугаар зүйл. Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэл
5.1. Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална:
5.1.1. газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах;
5.1.2. иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох;
5.1.3. иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох;
5.1.4. Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.1.5. иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ:
5.1.5.1. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;
5.1.5.2. Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх;
5.1.6. иргэнд газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ:
5.1.6.1. иргэний хувийн хөрөнгөөр барьж байгуулсан, барьж байгаа буюу хувьчилж авсан, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан барилга байгууламжид зориулан газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохих гэрээ байгуулж эзэмшүүлсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг худалдаж түүнд өмчлүүлэх;
5.1.6.2. иргэний хувийн хөрөнгөөр шинээр барьж байгуулах, хуульд заасан журмаар хувьчилж авах, түүнчлэн Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авах барилга байгууламжид зориулан өмчлөх газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа тохиолдолд дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх.
5.1.7. газар тариалангийн зориулалтаар газар дээр газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхэлж байгаа иргэдэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хэлбэрээр өмчлүүлэх;
5.1.8. иргэнд газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ:
5.1.8.1. Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх;
5.1.8.2. Газрын тухай хуульд заасны дагуу тариалангийн газар эзэмшээгүй иргэн тариалангийн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд уг газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байвал уг газрыг дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх.
5.2. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй.
6 дугаар зүйл. Иргэнд өмчлүүлэх газар
6.1. Иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:
6.1.1. хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт;
6.2. Иргэнд газар тариалангийн зориулалтаар дараахь газрыг өмчлүүлнэ:
6.2.1. тариалангийн талбай болон атаршсан газарт.
7 дугаар зүйл. Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ
7.1. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна:
Иргэнд өмчлүүлэх газрын |
||
байршил |
хэмжээ /га/ |
|
1 |
Нийслэлд |
0.07 хүртэл га |
2 |
Аймгийн төвд |
0.35 хүртэл га |
3 |
Сумын төв, тосгонд |
0.5 хүртэл га |
4 |
Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад / |
0.07 хүртэл га |
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн 4 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.2. Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:
7.2.1. энэ хуулийн 5.1.6.1-д заасан газар нь түүний байршил, зориулалтаас хамааран тухайн барилга байгууламжид зориулан эзэмшүүлсэн газартай тэнцэх хүртэл хэмжээтэй;
7.2.2. энэ хуулийн 5.1.6.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдсан газартай тэнцэх хэмжээтэй.
7.3. Газар тариалангийн зориулалтаар тухайн иргэнд өмчлүүлэх газар нь дор дурдсан хэмжээтэй байна:
7.3.1. энэ хуулийн 5.1.8.1-д заасан газар нь түүний байршил, үржил шимээс хамааран тухайн иргэнд эзэмшүүлсэн газартай тэнцэх хэмжээтэй;
7.3.2. энэ хуулийн 5.1.8.2-т заасан газар нь тухайн дуудлага худалдаагаар худалдагдсан газартай тэнцэх хэмжээтэй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааг зохицуулах талаархи төрийн байгууллага, нутгийн удирдлагын бүрэн эрх
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1. Улсын Их Хурал Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааны талаархи төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлно.
9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
9.1. Засгийн газар дараахь бүрэн эрхтэй:
9.1.1. иргэдэд газар өмчлүүлэх болон хувийн өмчийн газрын харилцааны талаархи төрийн нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
9.1.2. аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох;
9.1.3. иргэнд өмчлүүлэх газрын суурь үнэлгээ, аргачлалыг батлах;
9.1.4. иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэр гаргах;
9.1.5. иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журмыг батлах;
9.1.6. иргэний өмчийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдсон үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
9.1.7. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
10.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:
10.1.1. иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх;
10.1.2. иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь бүх шатны Засаг даргыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах;
10.1.3. иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг нэгтгэх, өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээ, заагийг сум, дүүрэг тус бүрээр нэгтгэн бүртгэх;
10.1.4. иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах асуудлыг Засгийн газрын нэрийн өмнөөс тухайн газар өмчлөгчтэй урьдчилан тохиролцох;
10.1.5. газар өмчилж авах тухай хүсэлт гаргах өргөдлийн загварыг батлах;
10.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
11.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
11.1.1. нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;
11.1.2. тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг сум, дүүрэг тус бүрээр хэлэлцэх;
11.1.3. газар өмчлүүлэх ажлын явцад хяналт тавьж, шаардлагатай гэж үзвэл энэ асуудлаар тухайн шатны Засаг даргын тайланг хэлэлцэх;
11.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
12.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
12.1.1. иргэдэд газар өмчлүүлэх талаархи төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
12.1.2. сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
12.1.3. аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;
12.1.4. аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар өмчилж авсан иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
12.1.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
13 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
13.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
13.1.1.нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх;
13.1.2. сум, дүүргийн Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэх;
13.1.4. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
14.1. Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
14.1.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
14.1.2. сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг дүүргийн хувьд хороо бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр, сумын хувьд баг, тосгон бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт бүрээр тус тус боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;
14.1.3. аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах, бусад сумын Засаг дарга уг өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;
14.1.4. өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох;
14.1.5. иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах;
14.1.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх
15.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
15.1.1.нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;
15.1.2. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
16.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
16.1.1. дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн газар өмчлөлийн асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах;
16.1.2. нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
16.1.3. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэнд газар өмчлүүлэх
17 дугаар зүйл.Иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
17.1.Иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ.
17.2.Иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж дүгнэлт гаргана.
17.3.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна.
17.4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлт, аргачлалтай холбогдсон асуудлыг Газрын тухай хуулийн 58 зүйлээр зохицуулна.
18 дугаар зүйл. Иргэнд өмчлүүлэх газрын үнийг тогтоох, түүнийг төлөх хугацаа, журам
18.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтооно.
18.2. Иргэн энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авсан газрын үнийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна.
19 дүгээр зүйл. Газар өмчлөн авах иргэний эрх, үүрэг
19.1.Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй:
19.1.1.энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;
19.1.2. энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах;
19.1.3. энэ хуулийн 5.1.5.2-т заасан газрыг тэргүүн ээлжинд үнэгүй өмчилж авах;
19.1.4. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;
19.1.5. энэ хуулийн 5.1.6.1-д заасан газрыг үнээр нь худалдан авах;
19.1.6. энэ хуулийн 5.1.8.1-д заасан газрыг давуу эрхээр үнээр нь худалдан авах;
19.1.7. энэ хуулийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасан газрыг дуудлага худалдаагаар өмчилж авах.
19.2.Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй:
19.2.1.Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх;
19.2.2.өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх;
19.2.3.өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх;
19.2.4. газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх.
20 дугаар зүйл.Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах
20.1.Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана:
20.1.1.гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;
20.1.2.оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал;
20.1.3.өмчилж авах газрын зориулалт, хэмжээ;
20.1.4. энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт;
20.2. Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна.
20.3. Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
20.3.1. гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.2. гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт;
20.3.3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.3.4. хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.
20.4. Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна.
20.5. Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаархи зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна.
20.6. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.
21 дүгээр зүйл. Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах
21.1. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.
21.2. Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана.
22 дугаар зүйл. Иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах
22.1. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно.
23 дугаар зүйл. Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх
23.1. Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.
23.2. Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
24 дүгээр зүйл. Иргэний газар өмчлөх эрхийн болон газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэл
24.1. Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө.
24.2. Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.
25 дугаар зүйл. Иргэний газар өмчлөх эрх үүсэх
25.1. Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ.
26 дугаар зүйл. Иргэний газар өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах
26.1.Иргэний газар өмчлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг Иргэний хууль, онцлог харилцааг энэ хуулиар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Иргэний газар өмчлөх харилцааны
онцлог зохицуулалт
27 дугаар зүйл. Газар өмчлөгч иргэний эрх, үүрэг
27.1. Газар өмчлөгч иргэн дараахь эрхтэй:
27.1.1.бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
27.1.2.өмчийн газраа энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу бусдад эзэмшүүлэх, ашиглуулах;
27.1.3.өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах;
/Энэ заалтад 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.4.өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах;
/Энэ заалтыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/
27.1.5.өмчийн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулахад харилцан тохиролцсоны дагуу зохих төлбөр авах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.6.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өмчийн газрынхаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглах, уг газарт худаг гаргаж усыг нь ашиглах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.7. холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.8. өмчийнх нь газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлж авсан тохиолдолд энэ хуульд заасны дагуу нөхөх олговор авах;
/Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх, давуу эрх.
//Энэ заалтын дугаарт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2. Газар өмчлөгч иргэн дараахь үүрэг хүлээнэ:
27.2.1.Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
27.2.2. газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах;
27.2.3. өмчилж авсан газраа кадастрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх;
27.2.4.өмчийн газар дээр нь байрлуулсан заагийн болон геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах;
27.2.5. газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох, өмчийн газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;
27.2.6.газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх;
27.2.7.өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх;
27.2.8.өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх;
27.2.9. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
28 дугаар зүйл. Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл
28.1.Газар өмчлөгч иргэнд дараахь зүйлийг хориглоно:
28.1.1.өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх;
28.1.2.өмчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах;
28.1.3.өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах;
28.1.4. газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглах.
29 дүгээр зүйл. Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
29.1.Иргэн өмчийн газраа зориулалтаар нь, тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.
29.2. Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл авах тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад бичгээр гаргана.
29.3. Энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтэд өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зориулалт, хугацаа зэргийг зааж, 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр буюу бусад хамтран дундаа эзэмшигч бүр гарын үсэг зурна.
29.4.Энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтэд иргэний өмчийн газраа эзэмшүүлэх, ашиглуулах талаар тухайн газрыг эзэмших, ашиглах этгээдтэй байгуулсан, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээний эх хувийг хавсаргана.
29.5. Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ.
29.6. Иргэний өмчийн газрыг эзэмших, ашиглах этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчиж байсан бол, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж болзошгүй нь тогтоогдвол сум, дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгохоос татгалзаж болно.
29.7. Иргэний өмчийн газрыг эзэмшиж, ашиглаж буй этгээд нь энэ хууль, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулбал сум, дүүргийн Засаг дарга олгосон зөвшөөрлөө хүчингүй болгоно.
29.8. Сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөл олгохтой холбогдсон гомдлыг шүүх шийдвэрлэнэ.
29.9.Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлслөх, дамжуулан түрээслэхийг хориглоно.
30 дугаар зүйл. Иргэн өмчийн газраа нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулах
30.1.Иргэн өмчийн газраа Засгийн газар, аймаг, нийслэл, сумын Засаг даргатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулан тодорхой хугацаагаар нийтийн эдэлбэр болон улсын, аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд түр ашиглуулж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Газар өмчлөх эрх дуусгавар болох,
газар өмчлөгчийн эрхийг хязгаарлах
31 дүгээр зүйл. Иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох
31.1.Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:
31.1.1.өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр;
31.1.2.газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар;
31.1.3.газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар,
31.1.4.хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.
32 дугаар зүйл. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах
32.1. Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно:
32.1.1.улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах;
32.1.2.шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай байгуулах;
32.1.3. улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих.
32.2.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана.
32.3. Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газрыг зайлшгүй солих, эргүүлэн авах болсон зориулалт, үндэслэлийг тодорхой заана.
32.4. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна.
32.5. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгч болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь асуудлыг урьдчилан тохиролцоно:
32.5.1. газрын үнэ;
32.5.2. тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ;
32.5.3. өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авснаас өмчлөгчид учрах хохирлын хэмжээ;
32.5.4.улсын тусгай хэрэг