ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр |
Улаанбаатар хот |
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж
2.1. Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж нь энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "геодези" гэж дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагааг;
3.1.2. "зураг зүй" гэж газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг;
3.1.3. "газрын зураг" гэж газрын гадаргын бодит зүйлийг хавтгайд тодорхой тусгаг, масштабт оруулан томъёолсон тэмдгээр дүрсэлснийг;
3.1.4. "зурагжуулах" гэж төрөл бүрийн масштабтай байр зүйн болон бусад зургаар эх дэлхийн тодорхой хэсгийг дүрслэх цогцолбор үйл ажиллагааг;
3.1.5. "газар зүйн нэр" гэж газрын гадарга дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор тогтоосон нэрийг;
3.1.6. “геодезийн байнгын цэг, тэмдэгт” гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээсийг;
3.1.7."геодезийн сүлжээ" гэж геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийн тогтолцоог;
3.1.8. "геодези, зураг зүйн багаж хэрэгсэл" гэж өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний хурдатгал болон цэгийн байрлалыг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багажийг;
3.1.9. "кадастрын зураг" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад шаардагдах дэвсгэр зураг зохиох, газрын зургийн мэдээллээр геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой хийсэн бусад зургийг.
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Геодези, зураг зүйн үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх байгууллага, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүрэг
4 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа
4.1. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараахь ажил хамаарна:
4.1.1. геодезийн сүлжээ байгуулах, одон орны тодорхойлолт, гравиметрийн хэмжилт хийх, төрөл бүрийн масштабын байр зүйн болон мөрөн, гол, нуурын ёроолын зураг үйлдэх, шинэчлэх, хэвлэх;
4.1.2. агаар, сансраас газрын зураг авах, боловсруулалт хийх;
4.1.3. төрөл бүрийн масштабтай тусгай зориулалт бүхий сэдэвчилсэн, сургалтын болон нийтийн хэрэгцээний газрын зураг зохиох, шинэчлэн хэвлэх;
4.1.4. хот, тосгон, бусад суурины газар доорх болон дээрх инженерийн байгууламж, ерөнхий төлөвлөгөө, тохижилтын дэвсгэр зураг хийх, шинэчлэх;
4.1.5. газар зүйн нэрийн жагсаалт (каталог) зохиож хөтлөх, толь бичиг, лавлах боловсруулж хэвлэх;
4.1.6 дэлхийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо хөдөлгөөнийг тодорхойлох, зайнаас тандан судлах зэрэг геодези, зураг зүйн эрдэм шинжилгээний судалгаа явуулах;
4.1.7. геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэх;
4.1.8. улсын хилийн шугамын байршлыг геодезийн аргаар тодорхойлох, шалгах;
4.1.9. газар, хот байгуулалт, инженерийн шугаман байгууламж, геологи, уул уурхайн болон бусад бүх төрлийн кадастрын зураг үйлдэх, инженер хайгуул, барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт явуулах, өрөмдлөгийн цооног холбох;
/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.1.10. улсын аюулгүй байдлыг хангах болон байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарах зэрэг нөхцөлд геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх.
5 дугаар зүйл. Геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын
бүрэн эрх, чиг үүрэг
5.1. Улсын Их Хурал геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлогыг тодорхойлох;
5.1.2. улсын хилийн шугамын дагуух байр зүйн зураг, геодезийн аргаар тодорхойлогдсон хилийн тэмдгийн солбицол, өндрийг батлах;
5.1.3. газар зүйн нэрийг батлах;
5.1.4. 1:25000-аас багагүй масштабтай байр зүйн зурагт тэмдэглэгдсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах;
5.1.5. геодези, зураг зүйн тоон мэдээлэл, байр зүйн зургийн нууцын зэрэглэл тогтоох, нууцыг ил болгох.
5.2.Засгийн газар геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.2.1. геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулах солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог батлах;
5.2.2. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.2.3. олон улсын баримт бичигт тусгах, газрын зурагт хэрэглэгдэх Монгол Улсын газар зүйн нэр, улсын болон засаг захиргааны нэгжийн хилийн байршил, өөрчлөлтийн талаархи мэдээллийг холбогдох олон улсын байгууллагатай солилцох.
5.3.Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.4.Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.4.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
5.4.2.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
5.4.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;
5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;
5.4.5.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
5.4.6.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох.
/Дээрх 5.4 дэх хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.7/Энэ заалтыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.5. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нууцын зэрэглэлтэй материал үйлдвэрлэж, хадгалж байдгийн хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.5.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх;
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.5.2. геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх;
5.5.3. геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.5.4. байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.5.5. геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгах, баталгаажуулах;
5.5.6. олон улсын гэрээнд геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.5.7./Энэ заалтыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.5.8. нууцын зэрэглэлтэй зургийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хянан шалгах;
5.5.9. төрөл бүрийн масштабтай байр зүйн болон дэвсгэр зургийг олгох, худалдах, шилжүүлэх, мэдээллээр хангах.
5.6. Зэвсэгт хүчний ерөнхий штаб цэргийн зориулалтаар хийж буй геодези, газрын зургийн ажилд хяналт тавина.
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.7. Төрийн захиргааны бусад төв байгууллага геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.7.1. геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн биелэлтийг харъяалсан салбартаа зохион байгуулах;
5.7.2. улсын захиалга, даалгавраар болон салбарынхаа хүрээнд хийх геодези, зураг зүйн ажлын дараа жилийн захиалгыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргаж өгөх;
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.7.3. өөрийн хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр хийгдэх геодези, зураг зүйн ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран сонгон шалгаруулалт (тендер)-ын журмаар явуулах.
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга геодези, зураг зүйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.8.1. геодези, зураг зүйн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
5.8.2. нутаг дэвсгэртээ хамаарах байр зүйн зураг, зураг зүйн бүтээлд тусгагдах газар зүйн нэр, хил, шинээр байгуулагдсан болон өөрчлөгдсөн объектын талаархи мэдээлэл, геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, жил бүр тооллого явуулж дүнг дараа жилийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.8.3. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн харьяа нутаг дэвсгэрт нь хийж байгаа геодези, зураг зүйн ажилд хяналт тавих;
5.8.4. нутаг дэвсгэртээ хамаарах газар зүйн нэрийн хэрэглээнд хяналт тавих, шинэ нэрийн талаар санал дэвшүүлэх.
6 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг
6.1. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дараахь үүрэгтэй:
6.1.1. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан байх;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
6.1.2. хэмжлийн багажиндаа баталгаажуулалт хийлгэх;
6.1.3. хэмжлийг солбицол, өндрийн улсын нэгдсэн тогтолцоонд хийх.
6.2. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
6.2.1. үйл ажиллагаандаа ашиглах хэмжилт, боловсруулалтын багаж хэрэгслийн жагсаалт, хувийн дугаар, гэрчилгээ;
6.2.2. мэргэжлийн боловсон хүчин болон тэдний дадлага туршлагын талаарх тодорхойлолт;
6.2.3. заавар, стандарт болон техникийн баримт бичгийн жагсаалт.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Санхүүжилт
7.1. Улсын захиалга, даалгавраар хийх геодези, зураг зүйн ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2. Геодези, зураг зүйн улсын чанартай ажлын захиалагч нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд жил бүр улсын захиалга, даалгаврыг боловсруулж улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.3. Салбар хоорондын болон орон нутгийн чанартай геодези, зураг зүйн ажлын захиалагч нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага байна.
7.4. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний захиалгаар хийгдэх геодези, зураг зүйн ажлыг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
8 дугаар зүйл. Геодези, зураг зүйн улсын хяналт
8.1. Геодези, зураг зүйн улсын хяналт нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэний геодези, зураг зүйн талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллагаас баталсан заавар, дүрмийн биелэлтийг хангана.
8.2. Геодези, зураг зүйн улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагад болон аймаг, нийслэлд ажиллах геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.3. Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
9 дүгээр зүйл. Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан
9.1. Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан /цаашид “нэгдсэн сан” гэх/ нь геодезийн сүлжээний, байр зүйн зургийн, агаар, сансрын зургийн, газар зүйн нэрийн болон кадастрын тухай мэдээлэл, тэдгээртэй холбогдох бусад тоон мэдээллээс бүрдэнэ. Нэгдсэн сан нь төрийн өмч байна.
9.2. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллага хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа тайлан, эх материал, солбицлын жагсаалт (каталог), бүдүүвч зураг, бичлэг, бусад тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.3. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хөрөнгөөр гүйцэтгэсэн геодези, зураг зүйн ажлын тайлан, бусад материалыг худалдан авч болно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.4. Нэгдсэн сан дараахь зүйлээс бүрдэнэ:
9.4.1. геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаа газрын зураг, хэвлэлийн эх, гэрэл зургийн хальс, тайлан, солбицолын жагсаалт (каталог), бусад тоон мэдээлэл;
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.4.2. энэ хуулийн 9.2-т заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс ирүүлсэн материал;
9.4.3. бусдад худалдах, олшруулах эрхгүйгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс худалдан авсан, энэ хуулийн 9.4.1, 9.4.2-т зааснаас бусад онц чухал материал;
9.4.4. байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс өөрсдийн үйл ажиллагаа, бүтээлийг сурталчлах зорилгоор нэгдсэн санд ирүүлж байгаа зураг, тоон мэдээлэл, тоног төхөөрөмжийн тухай танилцуулга.
9.5.Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
10 дугаар зүйл. Геодезийн байнгын цэг, тэмдэгт
10.1. Геодезийн байнгын цэг, тэмдэгт нь төрийн өмч байна.
10.2. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлуулсан бол уг цэг, тэмдэгтийн байрлаж байгаа сум, дүүргийн Засаг даргад, хилийн зурваст бол хил хамгаалах ерөнхий газрын харьяа тусгай ангийн удирдлагад хүлээлгэж өгнө.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.3. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Уг цэг, тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарвал түүнийг сэргээн босгох зардлыг хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.4. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг арчлан хамгаалахад дараахь журмыг баримтална:
10.4.1. тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа газар, барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь түүнийг хамгаалах, геодезийн үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ;
10.4.2. нутаг дэвсгэртээ байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцна;
10.4.3. хилийн зурваст байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн бүрэн бүтэн байдалд хил хамгаалах ерөнхий газар, тухайн цэг, тэмдэгт байрлаж байгаа нутаг дэвсгэр дэх хилийн отряд хяналт тавина;
/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.4.4. геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан тохиолдолд Засаг дарга, хил хамгаалах ерөнхий газар нь геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11 дүгээр зүйл. Газар зүйн нэр
11.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хамтран зохицуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2. Газар зүйн нэрийн жагсаалт зохиох, толь бичиг, лавлах боловсруулж хэвлэх, нэрийг зөв бичих, шинээр өгсөн нэр болон нэрийн өөрчлөлтийн бүртгэл хөтлөх, газрын зурагт тусгах зэрэг ажлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шинжлэх ухааны болон холбогдох бусад байгууллагын санал авч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12 өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.3. Газар зүйн нэрэнд дараахь обьектын нэр хамаарна:
11.3.1. эх газар, далай, тэнгис, булан, тохой, арал, хойг, уул, нуруу, хээр, тал, говь, цөл, мөрөн, гол, нуур зэрэг физик газар зүйн объект;
11.3.2. хүний үйл ажиллагаагаар бий болсон далан, усан сан, суваг, шуудуу;
11.3.3. улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тэдгээрийн доторх хөдөө аж ахуй, үйлдвэр, тээвэр, холбоо зэрэг бусад объект.
11.4. Газар зүйн хуучин нэрийг тодотгох, шинээр тогтоохдоо лавлагааны болон түүхийн эх сурвалжид үндэслэх бөгөөд аливаа эх сурвалж байхгүй бол нутгийн уугуул иргэд, мэргэжлийн хүмүүс, судлаачдын саналыг үндэслэн тогтооно.
11.5. Шинээр байгуулсан объектыг нэрлэхэд дараахь зарчим баримтална:
11.5.1. тухайн объектыг нээх, судлах, барьж байгуулахад оролцсон буюу эзэмшиж байгаа хүний нэрээр нэрлэх;
11.5.2. газар зүйн хуучин нэрээр нь зүг чиг, өнгө, цаг хугацааны тодотголтой нэрлэж болох;
11.5.3. ойролцоо орших өөр төрлийн объектууд нь ижил нэртэй байж болох.
11.6. Газар зүйн нэрийг дараахь онцгой тохиолдолд өөрчилж болно:
11.6.1. адил төрлийн хэд хэдэн объектын ижил нэр нь зам, тээвэр, харилцаа холбоо, бусад байгууллагын ажилд хүндрэл учруулахаар байвал;
11.6.2. уугуул иргэд нь нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьсан;
11.6.3. тухайн объектын мөн чанарт тохирохгүй, этгээд хэллэгээр нэрлэгдсэн байвал.
11.7. Шинээр нэрлэх, өөрчлөх газар зүйн нэр дараахь шаардлагыг хангасан байна:
11.7.1. хүрээлэн буй орчин, газар зүйн объектын тодорхой шинж, түүх, соёл, ахуйн онцлогийг тусгасан байх;
11.7.2. монгол хэлний бичлэг, хэллэгт тохиромжтой гурваас илүүгүй үгээс бүтсэн байх.
11.8. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах газар зүйн нэрийг Засгийн газар нэгтгэн Улсын Их Хурлаар батлуулна.
12 дугаар зүйл. Хориглох үйл ажиллагаа
12.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
12.1.1. нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр хэвлэх;
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12.1.2. геодезийн байнгын цэг, тэмдэгтийг устгах, гэмтээх, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулах;
12.1.3. албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг өөрчлөн хэрэглэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглах;
12.1.4. зохих хууль тогтоомжид заасан журмыг зөрчин байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хийсэн зураг зүйн бүтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх.
13 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлөх
13.1. Геодезийн хэмжилт хийх, цэг, тэмдэгтийг байгуулах явцад газар, барилга байгууламж, бусад объектод учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.
13.2. Гүйцэтгэсэн ажлын нарийвчлал, стандартын шаардлага хангагдаагүйгээс учирсан шууд хохирлын нөхөн төлбөрийг гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
14 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1. Шүүгч буюу геодези, зураг зүйн улсын байцаагч геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
14.1.1. хэмжлийг солбицол, өндрийн улсын нэгдсэн тогтолцоонд хийгээгүй иргэнийг 10000-30000 төгрөгөөр, албан тушаалтныг 10000-40000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох;
14.1.2. энэ хуулийн 10.2-т заасныг зөрчиж шинээр байгуулсан геодезийн байнгын цэг, тэмдэгтийг зохих газарт хүлээлгэн өгөөгүй иргэнийг 10000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 20000 хүртэл төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000 хүртэл төгрөгөөр торгох;
14.1.3. энэ хуулийн 10.3-т заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр геодезийн байнгын цэг, тэмдэгтийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн иргэнийг 10000-40000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох;
14.1.4. геодези, зураг зүйн улсын байцаагчаас тавьсан шаардлага, хугацаатай үүргийг биелүүлээгүй, хяналт шалгалт явуулахад нь санаатайгаар саад учруулсан, эсхүл шаардагдах мэдээ баримтыг буруу гаргаж өгсөн иргэнийг 30000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 40000 хүртэл төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000 хүртэл төгрөгөөр торгох.
14.2. Энэ хуулийн 12.1.1-д заасныг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хууль болон Төрийн нууцын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.3. Энэ хуулийн 12.1.4.-т заасныг зөрчсөн этгээдэд Зохиогчийн эрхийн тухай болон Патентын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.4. Энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 9.2, 10.4.1, 12.1.2-т заасныг зөрчсөн этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.5. Энэ хуулийн 12.1.3-т заасныг зөрчсөн этгээдэд Газрын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1997 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ